2007/10/26

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАГШ, СУДЛААЧДЫН АНХААРАЛД

Аливаа багш, судлаачдын хувьд судалгааны тайлан, өгүүллээ хэвлүүлэх нь өөрийн хийж буй судалгааны ажлын үр дүнг танилцуулах, сурталчилах, бусад эрдэмтэн судлаачид болон бизнес эрхлэгчдийн зүгээс санал шүүмжлэл авах, цаашдын судалгааны болон практикт нэвтрүүлэхтэй холбогдсэн санхүүжилтын эх үүсвэр олох гэх мэтчилэн олон талын ач холбогдолтой байдаг. Хамгийн гол нь хэвлүүлсэн бүтээл багш, судлаачдын хувьд ажлын үр дүнгийн гол илэрхийлэл нь болдог билээ.

Гэтэл өнөөдөр аялал жуулчлалын чиглэлээр сургалт, судалгааны ажил хийдэг багш, судлаачдын хувьд судалгааны бүтээлээ хэвлэн нийтлүүлэх боломж бага байгаагаас манай багш, судлаачдын судалгааны ажил төдийлөн олны сонорт хүрч чадахгүйд хүрч, энэ нь тэдний дунд эрдэм судлалын ажил хийх идэвхи, сонирхол багасахад нөлөөлж байна. Ийм ч учраас аялал жуулчлалын салбарт дорвитой судалгааны ажил хийгдэхгүй, салбарын ирээдүйн хөгжилтэй холбоотой шийдвэр гаргалтууд бүх түвшинд нарийн тооцоо судалгаа багатай хийгдэхэд хүрч байна.

Тийм учраас аялал жуулчлалын чиглэлээр сургалт, судалгааны ажил хийдэг багш, судлаачдын бүтээлийн эмхэтгэл гаргахаар төлөвлөж байна. Энэ нь зөвхөн ганц дугаараар зогсохгүй, цаашид тогтмол гаргах шаардлагатай. Тэгэхээр эхний дугаар маань чанартай, басхүү нэр хүндтэй, аль ч түвшинд эрдэм шинжилгээний бүтээлд тооцогдохуйц байх ёстой. Ийм учраас эхний дугаарыг МУИС-ийн “Газарзүйн асуудлууд” сэтгүүлийн аялал жуулчлалын тусгай дугаар болгож хэвлүүлэхээр МУИС-ийн Газарзүй – Геологийн факультет, “Газарзүйн асуудлууд” сэтгүүлийн редакцийн зөвлөлтэй хэлэлцэж шийдвэрлээд байна.

Сэтгүүлийг 2007 оны 11-р сард хэвлүүлэх тул өөрийн судалгааны ажлыг оруулах сонирхолтой багш, судлаачид бүтээлээ өөрийн товч танилцуулга /загварын дагуу/, хураамж 20,000 төгрөгийн хамт 11-р сарын 10-ны дотор ирүүлнэ үү.